Эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй өмчлөгч хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх бусад этгээдэд шилжсэн гэр бүлийн дундын хөрөнгийн талаар маргах эрхгүй

Шийдвэрийн огноо, дугаар: Тоймын огноо, дугаар: 2024-11-06   218/МА2024/00016

 Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

          Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Пүрэв хариуцагч Доржид холбогдуулан Төгс, Дорж нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, тус хэлцлээр шилжүүлсэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р багт орших 753 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн газар, тухайн газарт байрлах зуны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй байшин зэрэг хөрөнгүүдийг нэхэмжлэгч Пүрэвийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Дорж маргаан бүхий гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Төгстэй бэлэглэлийн гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлэн авсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулъя гэхэд Төгс татвар төлөхгүй зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулах хүсэлт гаргаж бид тухайн хүсэлтийн дагуу бэлэглэлийн гэрээ байгуулсан. Төгсийн нөхөр Пүрэв тухайн гэрээний талаар мэдэж байсан бөгөөд өөрөө байшингаа суллаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.18-д заасныг баримтлан Төгс, Дорж нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас газар байшин зэрэг хөрөнгүүдийг нэхэмжлэгч Пүрэвийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасан боловч, гэр бүлийн насанд хүрсэн гишүүн уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр эрхийн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд тухайн гишүүнээс зөвшөөрөл авна.

Гэр бүлийн нэг гишүүн тухайн үл хөдлөх эд хөрөнгө дээр бүртгэлтэй байсан тохиолдолд гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүд өөрийн нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтаар  маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчийн эхнэр Төгсийн нэр дээр бүртгэлтэй байсан болох нь тогтоогдсон. Мөн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч Пүрэв тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр шаардлага гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Пүрэв нь гэр бүлийн гишүүний хийсэн гэрээ, хэлцлийн маргаанд шаардлага гаргах эрхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.