Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг бусдад шилжүүлснээс үүдэн гарах хохирлоос эзэмшигч чөлөөлөгдөхгүй

Шүүхийн нэр: Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Шийдвэрийн огноо, дугаар: Тоймын огноо, дугаар: 2025-03-12   218/МА2025/00001

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.Шүүхийн нэр: Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Нэхэмжлэгч Бат, хариуцагч Мөнх

Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Миний бие “Сүүн чимэг транс” ХХК-д нүүрс тээврийн жолоочоор ажилладаг. Хариуцагч Мөнх нь 2024 оны 10 сарын 24 өдөр надтай уулзаад “хойшоо хил гарах шаардлагатай байна. унаад гарчих машин байна уу” гээд гуйгаад байхаар нь би өөрийн унаж явсан 98-34 ӨМБ улсын дугаартай, “Сүүн чимэг транс” ХХК-н өмчлөлийн нүүрс тээврийн тэргийг хил гаргуулахаар Мөнхөд шилжүүлсэн. Мөнх Хятад улсын хилийн нүүрс буулгах талбай уруу  орохдоо 2-р чиргүүлээрээ ухаалаг хаалтыг мөргөж эвдсэн. Дээрх ослын улмаас машинд 1,185,000 төгрөгийн дугуйн хохирол,  Хятад улсын хилийн боомтод 9,906,600 төгрөгийн хохирол учруулсан. Дээрх нийт хохирлыг ажил олгогч болох “Сүүн чимэг транс” ХХК хохирсон этгээдэд  төлж барагдуулсан бөгөөд би хариуцагч Мөнхийн учруулсан 11,091,600 төгрөгийн цалингаасаа “Сүүн чимэг транс” ХХК-д төлж барагдуулсан. Иймд  11,091,600  төгрөг гаргуулна.

Хариуцагчийн татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Бат 2024 оны 10 сарын 24 нд надтай уулзаад миний нэг машиныг хил гаргаад өгөөч гэж надаас гуйсан тул би 98-34 ӨМБ машиныг хил гаргаж өгөхөөр авсан. Хилийн боомтын ухаалаг хаалтыг мөргөж эвдсэн үйл баримтад маргахгүй. Гэхдээ би дураараа хүний машин барьж бусдад хохирол учруулаагүй. Нэхэмжлэгч намайг гуйж машинаа өгөөгүй бол би ийм асуудалд орохгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.4-т зааснаар хариуцагч Мөнхөөс 11,91,600 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Батын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдлоор хэргийг хэрэлцээд дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Бат, хариуцагч Мөнх нарын хооронд Иргэний хуулийн 339 дугаар зүйлд заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан бөгөөд эд хөрөнгийг ашиглаж байгаа тал эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, бүрэн бүтэн буцааж өгөх үүрэг хүлээнэ. Хариуцагч Мөнх гэрээний хугацаанд өөрийн буруутай үйлдлээс шалтгаалан эд хөрөнгөд, мөн эд хөрөнгийг шилжүүлсэн этгээд болох Батад хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2, 342.3-д заасны дагуу хохирол нөхөн төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Бат 98-34 ӨМБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч “Сүүн чимэг транс” ХХК-н зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг хариуцагч Мөнхөд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6-д нийцээгүй байна.

Нэхэмжлэгч тал өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн, хариуцагч тал гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдад хохирол учруулсан, хэн аль нь буруутай тул хариуцлагыг талуудад хувааж оногдуулах нь хуульд нийцнэ. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Мөнхөөс 5,545,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.